Мэндчилгээ
Огноо : 2020-04-06
Сайн байцгаана уу, Эрхэм хүүхэд багачууд аа, Хүндэт эцэг эхчүүд ээ. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа хүүхэд багачууд нийт хүүхдүүд Та бүхэндээ болон эцэг эхчүүд, хамгийн дотны хүмүүст тань аз жаргал хүсэн мэндчилье. Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе. Хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртай.
Тиймээс манай “Монголын Багачууд” ТББ нь хүүхэд залуусыг Гадаадын зусланд амраах, дэлхийн олон үлс үндэстний соёлоос суралцах, олон улсад ажиллах чадвартай ирээдүйн боловсон хүчнийг төлөвшүүлэх зорилготой ашгийн бус, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм. Одоогийн байдлаар нийт 500 гаруй хүүхдийг ОХУ-ын Олон Улсын “Артек” хүүхдийн төв, ОХУ-ын Владивосток хотын Океан хүүхдийн зуслан, Эрхүү мужийн Шелехово зуслан болон Өмнөговь аймгийн Буянт зусланд Олон улсын хүүхдийн боловсролын хөтөлбөрт хамруулж амраагаад байна. Түүнчлэн Өмнөговь Аймгийн холбогдох албаны хүмүүс “Артек” ОУ-ын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан бөгөөд аймгийнхаа "Буянт хотхон" хүүхдийн зусланг "Артек" олон улсын хүүхдийн зуслантай холбож ажилласан бөгөөд олон улсын хөтөлбөртэй анхны 2 ээлжинд 300 хүүхдийг хүлээн авч ажилласанд бид маш их баяртай байгаа. Цаашид ч ийнхүү эхлүүлсэн ажлаа улам өргөжүүлэн хөгжүүлж, боловсронгүй болгож олон олон хүүхэд багачуудыг хамруулахаар ажиллаж байна.
Хүүхэд бүр элэг бүтэн, энх тунх, аз жаргалтай амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Б.ЗОРИГТ